IRIM Судалгааны хүрээлэн Австралийн Засгийн Газраас хэрэгжүүлдэг Австралийн Сайн Дурын ажилтныг жил бүр өөрийн байгууллага дээр хүлээн авч ажилладаг билээ. Энэ 2013 онд Австралийн сайн дурын ажилтан Ребекка Кинг манай байгууллага дээр 7 сарын хугацаатай ажиллан, Окспордын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалахаар явлаа. Ребекка Кинг нь Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр манай байгууллага дээр ажиллах хугацаандаа байгууллагын 1. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, 2. Төслийн менежментийг сайжруулах, 3. Гадаад харилцааг тэлэх, 4. Нийгмийн сүлжээг өргөтгөх ажлуудад гол анхаарлаа хандуулан коунтерпарт Л.Цэлмэгсайханы хамт ажиллалаа.
Энэ хүрээнд Монголын судлаачдад дутагддаг ур чадвар болох “Чанарын судалгааны арга зүй, дүн шинжилгээ, програм хангамж ашиглалт” сэдвээр гурван модуль сургалтыг зохион байгуулсан. Түүнчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудад чухал хэрэгцээтэй байдаг “Төслийн менежмент”-ийн иж бүрэн гарын авлагыг IRIM Судалгааны хүрээлэнгийн төслийн удирдагч, зохицуулагчдын хамтаар боловсруулсан юм. Хөгжиж буй орнуудын судалгаа, эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээний салбарт гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хамтын ажиллагаа, харилцан суралцах үйл явц чухал нөлөөтэйг энэхүү Сайн дурын хөтөлбөрийн үр дүн харуулж байна.
IRIM Судалгааны хүрээлэн ирэх 2014 оны 7 сард дараагийн Сайн дурын ажилтнаа хүлээн авахаар ажиллаж байна.
";}