Мэдээ мэдээлэл
🌐“Цахим ил тод байдлын индекс” шинэчлэгдлээ.
2 цаг 55 мин
🌐“Цахим ил тод байдлын индекс” шинэчлэгдлээ.

🌐“Цахим ил тод байдлын индекс” шинэчлэгдлээ.

IRIM Судалгааны хүрээлэн нь “Цахим ил тод байдлын индекс 2025” тайлангаа танилцуулж байна. Бид Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үйл явцад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү тайланг 14 дэх жилдээ гаргаж байна.

Энэ зорилгынхоо хүрээнд тайланг жил бүрийн эхний улиралдаа багтаан тогтмол танилцуулдаг. Харин энэ удаад үнэлгээний арга зүйг шинэчлэн сайжруулж, тайланг шинэчилсэн агуулга, бүтэцтэйгээр боловсруулан хүргэж байна.

Арга зүйн шинэчлэлийн хүрээнд үнэлгээний шалгуур үзүүлэлт, тооцооллын логикийг нарийвчилж, олон улсын жишиг аргачлалтай нийцүүлэхийг зорьсон. Иймд тайланд судалгааны үндэслэл, арга зүйн хэсгийг дэлгэрэнгүй тусгасан болно. Энэхүү шинэчлэл нь төрийн байгууллагын цахим ил тод байдлыг илүү системтэй, нотолгоонд суурилсан байдлаар үнэлэх үндсийг бэхжүүлэхэд чиглэж байна.

Шинэчилсэн арга зүй нь дараах үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

🔹Мэдээлэл авах эрхийн хэрэгжилт – мэдээлэл хүсэх боломж, нөхцөл, зохион байгуулалтыг бодит туршилтаар үнэлэх;

🔹Нээлттэй өгөгдлийн хүртээмж – мэдээллийн машинд уншигдах формат, ашиглах боломжийг үнэлэх

🔹Хуулийн хэрэгжилт – хуулиар нээлттэй байхаар заасан мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг үнэлэх

🔹Бүрэлдэхүүн хэсэг, шалгуур үзүүлэлт болон тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан хэдий ч үнэлгээнд хамрагдах төрийн байгууллагууд, үр дүнг илэрхийлэх нийт онооны 5 түвшинд өөрчлөлт оруулаагүй.

Тайлангийн гол үр дүнгээс дурдвал, 2025 оны Цахим ил тод байдлын индекс 45 оноо буюу “хангалтгүй” түвшинд үнэлэгдлээ. Энэ нь 2024 оны үр дүнтэй харьцуулахад буурсан мэт харагдаж байгаа боловч арга зүйн шинэчлэлтэй холбоотойгоор шууд харьцуулан дүгнэх боломж хязгаарлагдмал юм.

2025 оны арга зүйн онцлох шинэчлэл нь мэдээлэл хүсэх бодит хүсэлт илгээж, түүний хариу үйлдлийг хэмжсэн практик тест байв. Энэхүү тестийн хүрээнд 98 байгууллагын и-мэйл хаягт хуульд заасан эрхийн дагуу мэдээлэл хүсэх хүсэлт илгээсэн. Нийт байгууллагын 88% нь мэдээлэл хүсэх форм эсвэл и-мэйл хаягтай байсан ч 69% нь хуульд заасан хугацаанд огт хариу ирүүлээгүй. Хариу өгсөн байгууллагуудын зөвхөн 3 хувь нь хүссэн мэдээллийг бүрэн, шаардлагад нийцсэн хэлбэрээр хүргүүлжээ.

Энэ үр дүн нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт цахим хуудаст хангагдаж байгаа мэт боловч иргэд, олон нийт нээлттэй мэдээллийг хүсэх, авах бодит боломж практикт зөрүүтэй хэвээр байгааг харууллаа.

Монгол болон Англи хэлээр нийтэлдэг энэхүү тайланг төрийн байгууллагууд өөрсдийн цахим ил тод байдлыг сайжруулах хэрэгсэл болгон ашиглахаас гадна эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон иргэд өргөнөөр ашиглах боломжтой.

👇🏻Тайланг дараах холбоосоор үзнэ үү.

Монгол тайлан: https://shorturl.at/AsTFg

Англи тайлан: https://shorturl.at/tngp2