🌐Дэлхий нийтээр анхаарч буй “хуурамч мэдээлэлтэй тэмцэх” асуудал Монголд ямар түвшинд байна вэ?
🔹“Хуурамч мэдээлэл нийгэмд тархах” үзэгдэл бол ардчилсан институцуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, ардчилсан үнэт зүйлсийг нийгэмд сулруулж байдаг маш хор уршигтай үзэгдэл. Сошиал медиа, дижитал хэрэгслүүдийн нөлөөллөөр илүү эрчимжих болсон уг асуудлыг World Risk Report 2025-д дэлхий нийтэд ойрын хугацаанд тулгамдаж буй хамгийн ноцтой асуудлуудын “нэгдүгээрт” нэрлэж байна.
🔹Дэлхий нийтээр анхаарч буй уг асуудал Монгол Улсад ямар нөхцөл байдалтай байна вэ? Ямар сэдэв, өгүүлэмжээр хуурамч мэдээлэл Монголд хамгийн их тархаж, эдгээр мэдээллийг ямар талууд, хэрхэн бүтээж, түгээж буй тухай, мөн хувь хүнд болон нийгэмд хуурамч мэдээллүүд нь ямар нөлөөллийг авчирч буй зэрэг асуудлуудыг тодруулсан "Монгол Улс дахь Хуурамч мэдээллийн зураглалын судалгаа"-г IRIM гүйцэтгээд байна.
👉Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг 2025 оны 11 сарын 04-ны өдөр салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд тайланг нийтэд нээлттэй хуваалцахаар бэлдэж байна.
Энэхүү судалгаа нь IRIM судалгааны хүрээлэн EU-Team Europe Democracy дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Худал мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд хийгдсэн. Төслийн дараагийн шатанд иргэдийн мэдээлэлтэй харилцах зан үйл болон хуурамч мэдээлэлд өртөх хэв маягийг нарийвчилсан судалгааг гүйцэтгэх бөгөөд үр дүнд нь үндэслэн иргэд, олон нийтийн мэдээллийн боловсролыг сайжруулахад чиглэсэн интервенцийг турших ажлуудыг төлөвлөж байна.