Дэлхий нийт шугаман эдийн засгийн загвараас татгалзаж, байгалийн баялгийг дахин ашиглах, хаягдлыг бууруулах, нөөцийг үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж, тойрог эдийн засгийн загварт шилжиж байна. Энэ шинэ загварын хүрээнд анхнаасаа дахин ашиглах боломжтой, хэмнэлттэй, үр ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх нь чухалд тооцогдож байна.
Монгол Улсад, ялангуяа аялал жуулчлалын салбарт тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлэх, энэхүү чиглэлээр бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Тойрог эдийн засаг ба ногоон бизнесийн чиглэлд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний төслийг 2022 оны 11-р сараас 2025 оны 6-р сар хүртэл IRIM, ТоС холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн үйл ажиллагаа гурван үндсэн чиглэлээр хэрэгжсэн. Үүнд:
🟢1. Бодлогын үнэлгээ:
Тойрог эдийн засгийг дэмжих бодлогын орчныг тодорхойлох үүднээс холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, аялал жуулчлалын салбарт энэ загварыг нэвтрүүлэх боломж, бэрхшээл, тулгарч буй сорилуудын талаар цогц үнэлгээ боловсруулав.
🟢2. Чадавх бэхжүүлэх хөтөлбөр:
Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, үр дүнд тулгуурлан сургалт, менторын цогц хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрт нийт 421 эмэгтэй бизнес эрхлэгч хамрагдсан бөгөөд үүнээс 16 шилдэг бизнес төсөл шалгарч, тус бүр 9000 ам.долларын тоног төхөөрөмжийн дэмжлэг авчээ.
🟢3. Олон улсын туршлага судалгаа:
Тойрог эдийн засгийн зарчмыг бизнесийн практикт амжилттай нэвтрүүлсэн олон улсын туршлагыг судлах зорилгоор КАРЕК-ийн орнуудтай виртуал хэлэлцүүлэг, туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.
🤝Төслийн амжилттай хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, санхүүжилт олгосон Азийн Хөгжлийн Банк болон хамтран хэрэгжүүлэгч ТоС холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.