Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэллээ
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам хамтран Хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Тус ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн амжилттай гүйцэтгэж дууслаа.
Уг үнэлгээг засгийн газрын яам, агентлагийн удирдах албан тушаал бүхий 55 оролцогчоос тоон судалгаа авснаас гадна төр, хувийн хэвшил (AI агент, банк, санхүү, программ хангамж), олон улсын хөгжлийн байгууллага, их сургуулиудын 23 төлөөллөөс гүнзгийрүүлсэн ярилцлага хийсэн. Хиймэл оюуны үнэлгээний үр дүн нь Монгол Улсад хариуцлагатай, хүртээмжтэй хиймэл оюуны хөгжлийг шинэ шатанд гаргах суурь үндэс болох юм.
Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээний үр дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газар хиймэл оюуныг үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байгааг дахин нотоллоо. Уг чиг хандлага нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим үндэстэн” дунд хугацааны хөтөлбөр, 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг гол бодлогын баримт бичгүүдэд хиймэл оюунтай холбоотой зорилтуудыг нэгтгэн тусгаснаар илэрхий болж байна.
Үүнээс гадна “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулах ажлыг эхлүүлээд буй нь хариуцлагатай, хүртээмжтэй хиймэл оюуны хэрэглээг хөгжүүлэх чиглэлд тууштай ахиц гаргаж буйг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс цахим хүртээмж, өгөгдлийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хөгжлийг сайжруулж байгаа хэдий ч инновац, хүний нөөцийг чадавхжуулах, хиймэл оюуны ёс зүйн асуудал зэрэг шийдвэрлэх шаардлагатай сорилтууд үүсэж байна. Иймд хиймэл оюуны үр шимийг иргэн бүрд тэгш хүргэхийн тулд уялдаа холбоотой, алсыг харсан бодлогын арга хэмжээ чухал талаар судалгаанд дурджээ.