Мэдээ мэдээлэл
“Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-ийн хаалтын хурлыг амжилттай зохион байгууллаа.
06/08/2024
“Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-ийн хаалтын хурлыг амжилттай зохион байгууллаа.

IRIM судалгааны хүрээлэн нь “Азийн хөгжиж буй орнуудад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бий болгоход нийгмийн капиталыг ашиглах нь” төслийн хүрээнд хэрэгжсэн “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-ийн хаалтын хурлыг 2024 оны 07/31-08/02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Уг хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг дэмжихэд нийгмийн судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уг үйл хэрэгт дараагийн үе болох залуу судлаачдыг бэлдэх, чадавхжуулах зорилготойгоор 2022-2024 оны хугацаанд хэрэгжээд буй.

Төслийн нэг бүрэлдэхүүн болох “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 оноос эхлэн Монгол, Япон, Тайланд, Индонез, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Тайван зэрэг Азийн 8 орны социологи, нийгмийн шинжлэх ухааны 20 гаруй залуу судлаачид 4 өөр сэдвээр багт хуваагдан, хамтарсан судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.

IRIM-ийн судлаачдын хувьд Филиппин, Вьетнам улсын судлаачидтай хамтран “Social capital and Proactive resilience to natural disasters” сэдвийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэж,  судалгааны үр дүнгээ хаалтын хурал дээр танилцуулж, амжилттай хэлэлцүүллээ. Судлаачид маань гүйцэтгэсэн судалгааны ажлуудаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэн Social Well-Being Review сэтгүүлд хэвлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн хөтөлбөр нь залуу судлаачдаа чадавхжуулсан, олон улсын судлаачдын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжсэн гайхалтай, үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Уг төслийг санаачлан эхлүүлсэн Япон улсын Сэншү Их сургууль, санхүүжүүлэгч Core-to-Core Program, Japan Society for the Promotion of Science, хамтран оролцсон консорциумын гишүүн бүх их сургуулийн эрдэмтэн профессор, судлаач нартаа, мөн зохион байгуулалтын ажлын хэсэгтээ талархлаа илэрхийлье.