Мэдээ мэдээлэл
IRIM-н зөвлөх С.Мойлтмаа: Монгол улсын хөгжлийн эгзэгтэй үед эмзэг асуудлуудаар судалж байсан маань тэтгэлэгт хамрагдахад давуу тал болсон
10/04/2019
IRIM-н зөвлөх С.Мойлтмаа: Монгол улсын хөгжлийн эгзэгтэй үед эмзэг асуудлуудаар судалж байсан маань тэтгэлэгт хамрагдахад давуу тал болсон
a:3:{s:10:"short_desc";s:366:"IRIM судалгааны хүрээлэнгийн 11 жилийн ойн баярын хүрээнд онцлох судлаачидтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэх болсондоо таатай байна. С.Мойлтмаа зөвлөхтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. ";s:5:"image";s:14:"Moitlmaa 3.jpg";s:4:"desc";s:13867:"

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллагын 11 жилийн ойн баярын хүрээнд онцлох зочидтой хийсэн ярилцлагыг цувралаар хүргэх болсондоо таатай байна. Өнгөрсөн хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн судлаачидаас мэргэшил дээшлүүлэх зорилгоор олон улсын нэр хүндтэй урт болон богино хугацааны сургалтын тэтгэлэгт хамрагдсан. Ярилцлагын эхний зочноор Чевнинг тэтгэлгээр ИБНВУ-ын Сассекс Их Сургуульд суралцсан Мойлтмаа зөвлөх уригдлаа. 

IRIM-н зөвлөх С.Мойлтмаа 

Сайн байна уу та? Юуны өмнө танд IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 11 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дэлхийн жишигт нийцсэн хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх эрхэм зорилгын төлөө тууштай ажиллаж буй танд талархал илэрхийлье.

1. Та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулна уу? 

Намайг Сарантуяагийн Мойлтмаа гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. МУИС-н Хууль зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж эрх зүйн магистр 2015 онд хамгаалсан. Саяхан 2017-2018 онд Англи улсын Сассексийн их сургуульд Олон улсын хүний эрхийн хуулийн магистр хамгаалаад ирсэн байна. IRIM-д анх 2009 онд сургуулиа төгссөн жилийнхээ өвөл ажилд ороод түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Анх ороод мэдээж бүх л төрлийн судалгаанд туслах ажилтнаар ажиллаж байгаад засаглал тэр дотроо авлига, иргэдийн оролцооны чиглэлээр түлхүү судалж мэргэшиж эхэлсэн. Миний бакалаврын дипломын ажил хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй захиргааны хууль бус актуудын тухай байсан. Тэгэхээр анхнаасаа аливаа шударга бус, хууль бус зүйлд их дургүй шударга үнэний төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэлтэй байсны илрэл байх.

2. Судалгааны ажил хийх давуу тал юу вэ? Байгууллагын үйл ажиллагаа, онцлог таныг мэргэжлийн хувьд өсөн дэвжихэд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Мэдээж маш олон давуу талтай. Хуулийн салбараас нийгмийн судалгааны салбарт орох явдал их ховор байсан байх. Тийм үед шүүгч, өмгөөлөгч гэх мэт ажил сонголгүйгээр өөр салбарт орж ажилласан нь нэг талаар маш том эрсдэл байсан. Манай үеийн төгсөгчид бүгд л хууль, шүүхийн байгууллагад ажиллаж карьер хийж байсан тул миний хийж байгаа ажлыг ихэнх нь ойлгохгүй, бүр шоолонгуй ханддаг байсан. Гэвч би өөрийн хийж байгаа аливаа ажлыг нийгмийн томоохон эерэг өөрчлөлтийн эхлэл авчрах маш чухал ажил гэж бат итгэлтэй байсан тул ажлаа солих тухай бүр хэзээ ч бодож байгаагүй юм.

Ийнхүү тасралгүй, эргэлзэлгүй урагшлахад сайхан оффис, өндөр хүчин чадалтай компьютер хэрэггүй юм байна гэдгийг IRIM-д байхдаа ойлгож авсан. Хувь хүн өсөж дэвжих, байгууллага өсөн томроход хамгийн чухал зүйл бол ажлын халуун дулаан, хүнлэг уур амьсгал юм. IRIM-н үүдээр анх орж ирээд л би агуу их хүндлэл бүх хүнээс мэдэрсэн ба энэ миний ажиллах ёстой газар мөн байна гэдэгт эргэлзэлгүй итгэсэн. Мөн шилдэг компанид орсноос шилдэг ментортой учрах нь хамгийн чухал зүйл болох талаар олон хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Намайг анх орж ирэхэд л Болд, Тамир зөвлөхүүд тосон авч насан туршийн минь ментор зөвлөхүүд болсон. Эдгээр зүйлс миний хувьд өсөн дэвжихэд минь нөлөөлсөн хамгийн чухал зүйлүүд юм.

3. Олон улсын богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдахад эдгээр туршлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?

IRIM нь өөрөө тэр чигээрээ академик орчин тул зөвхөн бакалаврын диплом өвөртлөх нь энэ яваа насны хэрэг бүтлээ гэсэн үг биш юм байна гэдгийг өдөр тутам ухааруулж байдаг. Тиймээс орсон цагаасаа эхлэн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж байх хүсэл эрмэлзэлтэй болсон. Тухайн үедээ 10 жилийн сургуульд үзсэн өчүүхэн англи хэлний мэдлэг байсан. Мөн Монгол улсын хөгжлийн эгзэгтэй үед эмзэг асуудлуудаар судалж байсан маань янз бүрийн тэтгэлэгт хамрагдахад маань их чухал давуу тал болсон. 2011 оноос эхлэн 3-4 жил тасралтгүй Унгар улсын Будапешт хотод байрладаг Төв Европын Их Сургуульд богино хугацааны засаглалын хөтөлбөрүүдэд хамрагдаж мэргэжил дээшлүүлж байсан.

Харин 2015 он хүртэл ганц хоёр магистрын тэтгэлгүүдэд өргөдөл өгөөд тэнцээгүй явж байгаад 2016 онд яг маш тодорхой зорилго тавин Их Британийн засгийн газраас зарладаг Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгсөн. Өмнөх IRIM болон ОШМИ ажлын туршлагууд маань хангалттай хэмжээнд хүрсэн боловч энэ хоёр өөр төрлийн туршлагыг хооронд нь хольж цаашдын сурах чиглэлээ тодорхойлох нь хамгийн хүнд шалгуур байсан. Тэгээд удаан бодсоны эцэст миний хийж байсан бүх ажлууд эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн ажил юм байна гэдгийг маш сайн ойлгосон бөгөөд эргэлт буцалтгүй хүний эрхийн асуудлаар цаашид мэргэшихээр шийдсэн.

4. Таны хамрагдсан хөтөлбөр, тэтгэлгийн онцлог болон тухайн хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлага юу байсан бэ?

Уг сургалтуудад хамрагдахдаа олж авсан академик мэдлэгээс илүүтэйгээр бусад улс орны хүмүүстэй танилцаж, өөрийгөө болон өөрийн улс орныг хөгжлийн аль хавьд явж байгаа мэдрэх нь маш сонирхолтой бөгөөд аливааг өөр нүдээр харах эхлэл маань болж байсан. Мөн олон улсын хөтөлбөрөөр явагддаг тэр том их сургуульд очиж үзэх нь өөрөө цаашид үргэлжлүүлэн сурах маш том мотиваци болдог байсан.

Урт хугацааны буюу магистрын хөтөлбөрт хамрагдсан явдал маань миний хувьд маш том өөрчлөлт авчирсан. Учир нь би юу сурах, сурсан зүйлээ яаж ашиглах талаар маш тодорхой зорилготой явсан байсан тул өөрийн хэмжээндээ хангалттай сайн суралцсан. IRIM-д байхдаа олж авсан хувь хүний сахилга бат, цагийн менежмент ийнхүү амжилттай сурахад маань маш их нэмэр болсон. Хүний эрхийн хуулиар сурах нь өөрөө хүн өөрөө маш задгай сэтгэхийг шаарддаг. Нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт, үзэл бодлоос өөрийгөө чөлөөлж хүн бүхэн эрхээ хамгаалуулах эрхтэй, хүний эрх бол бүхнээс дээгүүр юм гэдгийг ойлгож авсан.

5. Таны дурдсан ажлын туршлага, хөтөлбөр, тэтгэлгээс олж авсан мэдлэг туршлагын хүрээнд цаашид Монгол улсын нийгэмд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Монгол улсад хүний эрхийн хуулийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн нэг болохынхоо хувьд би эдгээр олж авсан мэдлэгийг би аль болох олон төрлийн ажил хийж, олон төрлийн хүмүүстэй хамтран ажиллаж түгээхийг чухалчлан үзэх болсон. Нэгдүгээрт, Хүний эрхийн хамгааллыг системийн хувьд бэхжүүлэх чиглэлээр чадах бүхнээ зориулна. Үүнд гол төлөвлөж байгаа ажил бол хүний эрхэд суурилсан хандлага, арга аргачлалыг судалгаа, бодлогын үнэлгээний ажлуудад нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт, дараагийн шинэ шатны боловсон хүчин бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулж багшлахаар төлөвлөж байна.

6. Та өөрийн туршлага дээр үндэслэн залуу судлаачдад ямар зөвлөгөө өгөх вэ? 

Залуу судлаачдад хүргэх гол санаа бол “Алдаа ч миний багш, Оноо ч миний багш” гэдэг үгийн хэлмээр байна. Аливаа зүйлд битгий шантарч байгаарай алдсан алдаагаа талархан хүлээн авч түүнээс үргэлж суралцаж байгаасай гэж хүсэж байна. Ажил хийхэд алдаатай оноотой зөндөө зүйл гардаг. Мөн бусдаас илүү ажиллаж байгаа нь шударга бус ч санагдах үе ирдэг. Гэвч тухайн хийж буй жижиг ажлыг хүртэл надад юм сурах боломж олгож байгаа ямар сайхан ажил вэ хэмээн талархан хүлээн авч өөрийгөө хөгжүүлж байгаасай гэж хүсэж байна.

Яг л ийм зарчмаар явсан хүнд ямар ч боломж /тэтгэлэг, цалин хөлс/ үргэлж үүд хаалгаа нээн тосоод авдаг гэдгийг өөрийн туршлагаас ойлгосон. Мөн аливаа сонгосон ажлынхаа цаад мөн чанарыг үргэлж ухан ойлгож, том дүр зургаар нь харж чин сэтгэлээсээ хийж байвал тэр нь өөрөө өөртөө мөн нийгэмдээ оруулж буй том хувь нэмэр юм.

Цаг гарган бидэндтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

";}